Нарны аймаг (Solar system) нь нар болоод түүнийг тойрог хэлбэрийн замаар тойрон эргэх 8 том гариг, тэдгээрийн мэдэгдэж буй 166 дагуулууд, 4 одой гариг, хэдэн тэрбум гариганцар, Күперийн бүсийн мөсөн биет, солир, мөн гариг хоорондын тоос зэргээс бүрддэг.
Дүрслэн хэлбэл, Нар, түүнийг тойрсон хатуу гадарга бүхий дөрвөн дотоод гариг, солирын бүс, хийн бүтэц бүхий аварга дөрвөн гадаад гариг, салангид орших тойрог хэлбэрийн Күперийн бүс, таамаглал төдий байгаа Оортын үүл зэргээс бүтнэ.
Тогтмол урсан гарах цэнэгт хэсгүүд /нарны салхи/ нь бөмбөлөг хэлбэрийн хелиосферийг үүсгэдэг. Энэхүү хелиосферийн хил хязгаар нь Күперийн бүсээс гадна төгсөдөг бөгөөд гадна хэсэгтээ устөрөгчийн хана буюу бүрхүүлийг бий болгодог байна. Устөрөгчийн хана нь нарны аймгийг глактикийн хөнөөлт туяанаас хамгаалдаг ажээ. Хелиосфер нь дэлхийгээс ойролцоогоор 400 астрономын нэгж зайтай оршдог. Астрономын нэгж /а.н/ гэдэг нь дэлхийгээс нар хүртлэх зай буюу 149,6 сая километр гэсэн үг юм. Дашрамд сонирхуулахад манай дэлхийн дагуул Сар нь дунджаар 384399 км зайтай оршдог.
Ингээд нарны аймгийн 8 гаригаа нарнаас холдох байдлаар нь жагсаавал: /хаалтанд байгаа нь одой гаригууд бөгөөд мөн л нарнаас холдох байдлаар жагсаав/
* Буд Mercury
* Сугар Venus
* Дэлхий Earth
* Ангараг Mars
* /Серес/ Ceres
* Бархасбадь Jupiter
* Санчир Saturn
* Тэнгэрийн ван Uranus
* Далайн ван Neptune
* /Дэлхий ван/ Pluto
* /Макимаки/ Makemake
* /Эрис/ Eris
Ер нь бол одоогоор нээгдээд байгаа хамгийн багадаа 41 одой гариг байгаа бөгөөд эдгээрийг жинхэнэ одой гариг уу, эсвэл гариганцар уу гэдгийг тодруулах шаардлагатай байгаа бөгөөд одоогийн байдлаар дараах гурван гариг одой гариг ангилалд орох магадлал маш өндөр байна.
* Седна Sedna
* Оркус Orcus
* Квавар Quaoar
Дээрх гаригуудыг Дотоод ба Гадаад гаригууд гэж ангилдаг.
Дотоод гаригууд:
Буд:
Буд нь наранд хамгийн ойр /0.4 а.н/ орших жижиг гариг юм. Дэлхийн массын 0.055-тай тэнцэнэ. Энэхүү гариг нь өөрийн гэсэн дагуул байхгүй. Агаар мандал бараг байхгүй. Хатуу гадаргуу бүхий энэхүү гариг нь маш “үрчгэр” гадаргуутай. Энэ нь тухайн гаригийн хэзээ нэгэн цагт идэвхитэй байсан дотоод хүч, мөн гадны цохилтоос болж үүссэн. Маш том төмөр цөмтэй, харин маш нимгэн мантитай гэж тогтоосон. Гадаргын температур +67 цельсийн хэм.
Сугар:
Сугар нь нар талаасаа 2 дахь гариг буюу нарнаас 0.7 а.н зайд оршино. Дэлхийн масстай маш ойролцоо /0.815/ жинтэй. Нимгэн цахиур манти нь төмөр цөмийг бүрхэн оршдог. Тогтвортой агаар мандалтай. Хэдийгээр нарнаас 0.7 а.н зайд оршдог боловч манай нарны аймгийн хамгийн халуун гариг юм. Түүний гадаргуугийн температур +461 цельсийн хэм байдаг. Энэ нь агаар мандал дахь хүлэмжийн хийтэй холбоотой юм. Хүлэмжийн хий нь нарнаас ирэх дулааныг дотогш дамжуулах авч, харин гадагш дамжуулалгүй яг л хүлэмж шиг нөлөө үзүүлдэг.
Дэлхий:
Эх дэлхий маань нарнаас 1 а.н зайд оршдог. Одоогоор мэдэгдээд байгаа цорын ганц геологийн идэвхи бүхий гариг. Мөн мэдээж амьдрал бүхий цорын ганц нь. Бусад хатуу гадаргатай гаригууд дотроос усан давхрагатай нь зөвхөн дэлхий. Бас нэг цорын ганц нь: одоо мэдэгдэж байгаа гаригууд дотроос зөвхөн манай дэлхий л тектоникийн хавтантай. Бусад гаригуудын агаар мандлаас эрс ялгаатай нь 21%-ийн чөлөөт хүчилтөрөгчтэй. Байгалийн нэг дагуул сартай бөгөөд сар нь хатуу гадаргуу бүхий гаригуудын хамгийн том дагуул юм. Гадаргуугийн дундаж темпратур +14 цельсийн хэм.
Ангараг:
Ангараг гариг нь нарнаас 1.5 а.н зайд оршино. Дэлхийн массын 0.107-той тэнцэнэ. Радиусын хувьд дэлхийгээс бага. Сийрэг агаар мандлынх нь ихэнхи хувийг /95.72%/ нүүрсхүчлийн давхар исэл эзэлдэг. Уг гариг дээр байх Олимп уул нь манай нарны аймгийн хамгийн өндөр уул /26 км/ юм. Түүнийг мөн “Улаан гариг” хэмээн нэрлэдэг бөгөөд энэхүү улаан өнгө нь хөрсөнд нь маш баялаг байх төмрийн ислээс үүсдэг ажээ. Ангараг нь байгалийн 2 дагуултай бөгөөд нэрс нь Фобос, Деймос. Эдгээр дагуулууд нь бөмбөрцөг биш хэлбэртэй бөгөөд гариганцар гаралтай. Ангарагийн гадаргын дундаж температур нь -46 цельсийн хэм.
Эдгээр 4 гариг нь дотоод гаригууд бөгөөд үүний гадуур Солирын бүс оршдог.
Солирын бүс
Солирын бүсэд нарны аймгийн ихэнх жижиг биетүүд оршдог. Солирын бүс нь нарнаас ойролцоогоор 2.3 – 3.3 а.н зайд оршдог. Солирын бүсийн ихэнх биет нь чулуурхаг, метал болон тогтвортой эрдсээс тогтдог.
Солирын бүсийн төв нь Ангараг болон Бархасбадь гаригуудын хооронд оршино. Эдгээр нь шинээр гариг бүрэлдэх явц Бархасбадь гаригийн асар хүчтэй таталцлаас шалтгаалан нэгдэж чадаагүй хэлтэрхийнүүд юм.
Солирын хэмжээ нь хэдэн зуун километрээс микроскопоор харах хэмжээний байдаг. Солирын бүс дэх хамгийн том биет бол Серес одой гариг юм. Гэхдээ солирын бүсэд орших Веста, Хигейя биетүүд нь өөрийн гэсэн татах хүчтэй нь батлагдвал одой гаригт тооцогдох боломжтой юм. Ер нь солирын бүсэд нэг километрээс илүү хэмжээтэй биетүүд хэдэн мянгаар тоологдох боломжтой хэмээн үздэг. Мөн солирын бүсийн нийт масс нь дэлхийн массаас хэдэн мянга дахин их юм.
Солирын бүс нь нилээн сийрэг бөгөөд ямар нэгэн хөлөг, төхөөрөмж ямар нэгэн осол гэмтэлгүйгээр нэвтрэн гарах боломжтой.
Серес:
Серес гариг нь солирын бүсэд оршдог бөгөөд нарнаас 2.77 а.н зайд оршдог бөгөөд одой гариг юм. Сересийн диаметр нь 1000 км-ээс ихгүй бөгөөд зөв дугуй хэлбэрт ороход хангалттай таталцалтай гариг юм. Анх Сересийг XIX зуунд нээсэн бөгөөд 1850 онд астероид /бага гариг/ хэмээн нэрлэгдэж, харин 2006 оноос одой гариг гэсэн төрөлд хамаарч байна.
Бархасбадь:
Бархасбадь гариг нарнаас 5.2 а.н зайд оршдог бөгөөд дэлхийн массаас 318 дахин, нийт нарны системийн бусад гаригуудын массаас 2.5 дахин их масстай. Нийт массын ихэнхийг устөрөгч болон гели эзэлдэг. Гаригийн дотоод халуун нь дээрх элементийн хувирлаас болох бөгөөд энэ нь тухайн гаригийн агаар мандал дахь Аварга Улаан Толбоор илэрдэг. Бархасбадь гариг нь одоогоор мэдэгдэж байгаа 63 дагуултай бөгөөд тэдгээрийн хамгийн томууд нь: Ганимед, Калисто, Ио, Европа нар юм. Эдгээр дагуулууд нь галт уулын идэвхижилттэй, мөн халуун цөмтэй байдаг. Ганимед дагуул нь нарны системийн хамгийн том дагуул бөгөөд хэмжээгээрээ Буд гаригаас ч том билээ.
Санчир:
Санчир гариг нь нарнаас 9.5 а.н зайд оршдог бөгөөд гаригийн гадуур нь бүслүүр байдгаараа бусад гаригуудаас ялгаатай. Харин агаар мандлын давхрагын хувьд Бархасбадь гаригтай төстэй. Уг гариг нь Дэлхийн массаас 95 дахин их масстай бөгөөд одоо мэдэгдэж байгаа 60 дагуултай. Эдгээрийн Титан болон Энкиладус нар нь геологийн идэвхи болон маш их мөсөн давхрагатай. Титан нь Буд гаригаас том бөгөөд манай нарны аймгийн цорын ганц тогтвортой агаар мандалтай дагуул юм.
Тэнгэрийн ван:
Тэнгэрийн ван гариг нь нарнаас 19.6 а.н зайд орших бөгөөд дэлхийн массын 14 дахин ихэсгэсэнтэй тэнцэх масстай. Гадаад гаригууд дотроос хамгийн их гэрэлтэн харагддаг гариг юм. Энэхүү гариг нь тэнхлэгээ эргэхдээ орбитын шугамандаа 90 градусын өнцөг үүсгэн эргэдэг онцлогтой. Гадаад гаригууд дотроосоо хамгийн хүйтэн цөмтэй нь. Тэнгэрийн ван гариг нь мэдэгдэж байгаа 27 дагуултай бөгөөд хамгийн томууд нь: Титания, Оберон, Умбриел, Ариел, Миранда нар юм.
Далай ван:
Далай ван гариг нарнаас 30 а.н зайд оршдог бөгөөд дэлхийн массаас 17 дахин их жинтэй. Энэхүү гариг нь Тэнгэрийн ванг бодвол арай илүү дулаан ялгаруулах боловч энэ нь Бархасбадь болон Санчир гаригуудтай харьцуулбал хамаагүй бага юм. Уг гариг нь мэдэгдэж байгаа 13 дагуултай бөгөөд эдгээрийн хамгийн том нь Трайтон юм. Уг дагуул нь геологийн идэвхи бүхий, мөн шингэн азотын оргилууртай. Мөн Трайтон дагуул нь орбитын эсрэг чигт тэнхлэгээ эргэдэг.
Нарны аймаг
under:
Сансар огторгуй